2009/03/27

Япончуудад мэдэгдэх нь

Манай улсын нэрийг Монгор биш Монгол гэж дуудсугай!

Гүржийхэнтэй барьцав. :)

2009/03/26

Цонхууд дээр суулгац бэлдэгч

NSIS - Nullsoft Scriptable Install System.
Энэ бол нээлттэй эхийн суулгац бэлдэх Цонхуудад зориулсан програм юм. Та бүгдийн сайн мэдэх Winamp програмыг гаргагч Nullsoft үүсгэсэн. Онцлогуудаас дурдвал:
- суулгацын бүх үндсэн үүргүүдийг гүйцэтгэнэ
- бүтээгдэхүүн нь хэмжээ багатай
- Цонхууд 95-Vista хүртэл боломжтой
- ZLib, BZip2, LZMA зэрэг шахалт ашигладаг
- Скрипт ашигладаг. Үүгээрээ бусдаасаа ялгарах ба магадгүй илүү боломжийг олгох болно
- Нэг суулгацад олон хэл нэгтгэх боломжтой
- Нэмэлтүүдтэй (plugin) гэх мэт.

Эх хувилбар нь зөвхөн ANSI дэмждэг боловч эх хувилбар дээр суурилсан Юникод дэмжлэгтэй хувилбар байдаг. Юникод хувилбарыг нь Winamp, Mozilla (Firefox, Thunderbird, Seamonkey, Sunbird), OpenOffice (3.0), Flicker Uploader зэрэг програмууд суулгацдаа ашигласан байдаг.

Миний бие эх болон Юникод хувилбарыг нь орчуулсан байгаа.

Эх хувилбар: http://nsis.sourceforge.net/
Юникод хувилбар: http://www.scratchpaper.com/

Линуксийн ханын цааснууд

97 ширхэг


татах

2009/03/24

Монгол хэл, бичиг, соёл мөхөх нь гэж зохиолчид “эмгэнэв”

Монгол хэл, бичиг, соёлын хишиг өдөр өчигдөр болж өнгөрөв. Үндэсний төв номын сан, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Монголын зохиолчдын эвлэл хамтран “Үндэсний бичиг үсгийн баяр” нэрийн дор зохион байгуулсан эл хуралд нийгмийн оюунлаг давхаргын төлөөлөгч болох зохиолчид “Чихэнү чимэг болсон аялгуу сайхан монгол хэл”, бичиг юүгээн хойшид хэрхэн цэвэр ариунаар үр хойчдоо өвлүүлэх талаар санал бодлоо илэрхийлцгээв.

МЗЭ-ийн гүйцэтгэх захирал Х.Чилаажав: - Зохиолч хүнд хамаагүй зүйл гэж энэ нийгэмд байхгүй. Монгол хэл, бичиг, түүх, соёл, уран зохиолоо даяаршлын эл эрин үед хадгалж үлдэх нь чухал байна. Үнэн үг хэлэх хүн олдохоо болилоо, Үндэсний бичиг, соёл устаж алга боллоо, дунд сургуулийн сурах бичгээс уран зохиол, монгол хэл, бичгийн хичээлүүд шахагдаад заагдахаа байлаа гэж дэвшилтэт бодол санаатай зохиолчид маань эмзэглэх болсон. Иймээс энэ хурлыг хийх нь зөв гэж бодсон юм.

Ардын уран зохиолч Д.Пүрэвдорж: - Аливаа улс оронд үндэсний хэл, бичиг, түүх, соёл нь тусгаар тогтнолтой салшгүй холбоотой ойлголт байдаг. Тэнгэрийн доор амьдарч, төрийн алба залгуулдаг улстөрчид энэ тухайд ямар бодолтой байдаг юм бол? ХХ зуунд монгол хэл, монгол бичгийн төлөө үгээ хэлсэн төрийн ихэс дээдэс цөөхөн. Зарим нь бүр нэрвэж нэрмэхэд л нэмэр болсон байх. Хүн төрөлхтөний соёлд оруулсан монгол бичгийг үнсэнд хаясан шалз шиг үл тоомсорлосон нь харамсалтай. Үндэснийхээ бичгийг сэргээе гэхээр эсэргүүцдэг, хилэгнэдэг бүхэл бүтэн үеийг ХХ зуун хүмүүжүүлж. Ардчилал гарч ирээд бичиг, соёлоо сэргээх хандлага гартал буцаагаад “нугаслаад” авлаа. Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл гэдэгт манай гурван том дарга ордог юм гэсэн. Тэднийг юу ч дуугарахгүй байсаар байтал монгол гэсэн тодотголтой бүхэн устаж алга болох нь. Зохиолчид, эрдэмтэд оюун ухаанаа нэгтгэж энэ талаар дорвитой дуугармаар байна. Үндэснийхээ утга соёл, дэлхийн уран зохиолыг уншиж мэдрэхгүй харанхуй үе өсөж өндийж байна шүү, та минь ээ. Уран сайхны сэтгэлгээгүй, гоо сайхны мэдрэмжгүй, хагас зэрэмдэг хэл, бичигтэй ийм улс байх юм бол тусгаар тогтнол орших уу? Монгол бичиг, соёлыг уландаа дэвсэх гэсэн гадны харгис хүчний гар хөл бологчдын сүүдрийг байтугай сүнсийг нь ч монгол нутагт байлгамааргүй байна. Өнөөдөр энэ хурлыг Үндэсний номын сангийн захирал Г.Аким дэмжиж зохион байгуулсанд талархах хэрэгтэй. Хойшид хэл, соёлынхоо төлөө Акимын хэмжээнд бус академийн цараанд хийх ёстой юм. Төрийн хэлний зөвлөл гэж байдаг юм гэсэн. Хаа байнаа, тэр зөвлөл. Төрийн хэл гэх нь зөв үү, Улсын хэл гэх нь зөв юм уу, дээр нь бичгийг нэмбэл яасан юм бэ? Манай улс төрчид гэсэн томчуулыг та нар мэдэж байгаа. Монгол хэлээрээ ярьж байгаа хүн цөөхөн байгаа нь даанч эмгэнэлтэй.

Ардын уран зохиолч Ш.Сүрэнжав: - Монголчууд бид уламжлал соёлоо устгаж байж санаа амрах улс юм. Бидний ярьснаас илүү Баасан авгайн донгосох үнэтэй болсон цаг юм даа, даанч. Дээхнэ үед Б.Ринчен, Ц.Дамдинсүрэн, Ж.Бадраа гээд их мэргэд маань буруу ярьсан зүйлийг хэлээд засч залруулаад болоод байсан. Аюулыг хамгаалах яам гэдгийг Аюулаас хамгаалах гээд залруулж байлаа. Одоо монголоор яриад ойлгохоо больцгоож. Нэр хүндтэй бараа гэхийг бренд гэж байж л ойлгодог болцгоож. Энэ нийгмийн сэтгэлгээний өвчнийг засъя. УИХ-ын чуулган дээр осолгүй л монголоор яриад байгаа мөртлөө юу хэлэх гээд байгаа нь ойлгогдохгүй байх юм. Морь үргэж байгаа юм шиг “тээ, тээ”, миний гэсэн үгийг “надын” гэж ярьдаг хүмүүс олширч байна. Юу гэсэн үг вэ, та минь. Нэртэйгээр нь чиний гэхийг “чадын” гэх нь байна л даа.

Төрийн шагналт зохиолч Д.Гармаа: - Сая ирэхдээ гудамжны зарлал харж байхад “Сайхан мебелээр гангарцгаая, Тавилгадъя”, “Өег мебель аваарай” гээд биччихсэн байх юм. Гадаадын хүн л бол юугаа ч тавьж туухад бэлэн хүмүүс хэл, соёлоо ч санаатайгаар егүүтгэж байгаа. Төрийн ихэс дээдсийн олонхи нь газар нутгаа худалдсан нь худлаа гэх үү?

Зохиолч Л.Дашням: - Бид өнөөдөр ний нуугүй хэлэхэд хэлгүй болчихож. Үгийн баялаггүй, санаагаа илэрхийлж чадахгүй, хэлгүй болчихсон хүн аугаа их түүхээсээ, үндэсний уламжлалаасаа хөндийрч эхэллээ. Монголоо алдсан ийм хүмүүс бүх юмыг муу муухайгаар хардаг шиг байна. Ингэж муу муухайгаар хараад ирэхээр эх орноосоо урваж, дүрвэдэг шиг байна. Юм мэдэхгүйн харгайгаар харанхуй бурангуйд дагаар орж, хараат болдог гуниг давтагдсаар байна биш үү? Одооны залуус гоё сайхнаа өөрөөсөө, өмсөж байгаа хувцас, идэж ууж байгаа хүнснээсээ олж харахаас биш сэтгэлийн гоо сайхныг хайхрахаа больжээ. Юу ч уншихгүй хүн оюуны харанхуй гудманд, мухардалд орж байна. Монгол оронд хүн үүссэн. Хүн анх үүссэн нутгийн эзэд юм чинь хүн-соёлоо хадгалах хэрэгтэй байна. 15 мянган жилийн түүхтэй нум, сум олсон мөртлөө зургийг нь л харахаас соёлыг нь ярихгүй байгаа. Иймд хэл, соёлынхоо төлөө сэтгэл зүрхээ зориулах нь чухал.

Доктор Ч.Жачин: - Дунд сургуульд үзэх хичээлээс уран зохиолын цагийг хассаар долоо хоногт ганц цаг л заахаар болж байна шүү, цаана чинь. Зүй нь төрөөс анхаарч “Гэсэр”, “Жангар”, “Монголын нууц товчоо” хэмээх утга соёлын гурван сүмбэр оргилыг хэвлэж айл бүхэнд үнэгүй тараавал сэтгэлгээний тусгаар тогтнолоо бид алдахгүй. Улсын олимпиадуудаас хамгийн ядуу нь монгол хэлний олимпиад байдаг. Энэ бол мөхөл шүү.

Доктор,профессор Д.Хүү: - Үндэсний хэл, бичгийг мохоож, мөхөөх бодлого явагдаад байгаа нь нууц биш. Хэл нь мөхөнгүүт түүхийн тавцангаас устаж арчигдсан эмгэнэлт түүхтэй улс дэлхийд олон.

Ардын уран зохиолч Т.Галсан: - Хэрвээ бид бичиг үсэггүй, соёлгүй байсансан бол бусад улс үндэстэнд мухар сохор сүсэгтний ёсоор мөргөх ёстой. Ри багш, Чой багш нар монгол үгийн санг хоёр сая дөрвөн бум гаруй гэж багцаалсан нь бий. Нэг ийм онигоо гарсан байна. УИХ-ын гишүүд яагаад 76 байдаг вэ? 76 үгтэй учраас 76 гишүүн байдаг гэж. Газар нутгаа гадныханд сэндийлүүллээ гэж хэвлэлд бичээд байдаг. Алтыг нь авсан ч газар нь үлдэнэ. Харин хэл мөхвөл яах вэ гэдгийг үг-эрдэнийн дайчид болсон зохиолчид бид бодох цаг болсон. Монголчууд үр хүүхдээ сүүн шүд ургахад ээжийнх нь бүүвэй аялсан эх хэлийг нь, ясан шүд ургаад яс угсаагаа мэддэг болоод ирэхэд нь харь хэл заалгадаг байж. БСШУЯ-нд монгол хэлний мэргэжилтэй ганц ч хүн байхгүй гэдэгтэй мөрийцсөн ч болно. Яамны сайд гэдэг томилогддог, хоёр жил болоод, дөрвөн жил суугаад явчихдаг малгай л байдаг юм. Монгол хэл, бичиг, соёлоо устгах охор бодолтонгууд одоо ч байгаа. Монгол хэлээ мэдэхгүй байж болох ч ээжийнхээ ариун цагаан ангир уургийг алах хор гэвэл ямар сонсогдох билээ.

Соёлын гавьяат зүтгэлтэн Г.Мэнд-Ооёо: - Галсан гуай шиг монгол бичиг, соёлынхоо төлөө ясаа цайтал тэмцэх, Г.Аким гуай шиг монгол сайхан найруулгаараа үлгэр жишээ үзүүлэх нь зохиолч, яруу найрагчдын нийгмийн үүрэг.

Г.Аким: -Он гарсаар монгол хэл, бичиг, соёлын талаар нэлээд олон уулзалт боллоо. Зохиолчдын энэ уулзалт ес дэх нь болж байгаагаараа бэлгэшээлтэй. Дунд сургуулийн хичээлийн хөтөлбөрт монгол бичиг, уран зохиолын хоёр хичээлийг нэгтгээд долоо хоногт ганц цаг оруулах юм гэв үү? Уран зохиол, уран сайхны сэтгэлгээ үгүйгээр бие хүн төлөвшихгүйг төр засаг, Гэгээрлийн яамныхан маань ойлгоосой билээ. Зурагтын сурвалжлагч хөдөөний малчнаас: - Хаваржилт сайхан явагдаж байна уу гэхээр нөгөөх нь сандраад: - Хаваржилт сайхан явагдаж байна гэх юм. Мэндээ хүртэл мэдэж чадахаа больж байгаагийн жишээ энэ. Мөхөх хэлний тоонд монгол хэл орчихоод байгааг дэлхийд нэртэй судлаачид гаргасан. Даяарших үйл явц дунд Монгол Улсын орших, эс орших нь хэл, бичигтэй минь салшгүй холбоотой шүү. Гадаадын өндөр хөгжилтэй улс орнуудад хүүхдийг 12 нас хүртэл гадаад хэл заадаггүй. Манайхан зургаан нас хүрэв үү, үгүй юу гадаад хэл сургана гээд байх юм. Израйлчууд мянган жил хаясан бичгээ 1947 онд буцаагаад авсан. Бичиг хуучирдаггүйн жишээ энэ. Бид бичгээ хаяад 50 жил боллоо. Одоо монгол бичгээ авахад буруудах юмгүй гэдгийг дээдсүүд мэдээсэй.

Эл хуралд үг хэлсэн зохиолчдоос гадна Төрийн шагналт зохиолч Ц.Доржготов, Д.Батбаяр, зохиолч И.Цэрэнжамц, Ц.Түмэнбаяр, П.Баярсайхан, “Болор цом”-ын эзэн А.Эрдэнэ-Очир, яруу найрагч М.Баттөмөр, П.Батхуяг нар оролцсон юм.

Л.Батцэнгэл

Өнөөдөрийн сонин

Хуулуулсан эх сурвалж: http://www.uukhai.com/archives/180

Үндэсний үйлдвэрлэл хөгжөөсэй.

Манайх дийлэнх юм аа гадаадаас авдаг. Тэр хэрээр гадны хараат байна гэсэн үг.
Саяхан эмийн сан орж, хүүхдэдээ усан эм авсан чинь үнэ нь нэмэгдчихэж. Би ч дургүйцэнгүйгээр бинзен нэмэгдээгүй шүү дээ, яагаад өсчихөв өө? гэсэн чинь эмийг хийдэг бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэн гэнэ. Тэр нь яагаад нэмэгдчихэв гээд лавшруулбал, Хятдадаа нэмэгдчихсэн юмыг бид яаж мэдэх билээ? гэнэ ээ. Арай дэндүү юм аа.

Би нэг сайхан мөнгөтэй бол сайхан үйлдвэрүүд байгуулах сан. Манай баян гээд байдаг хүмүүс нь архи, спиртний үйлдвэр байгуулж, баар цэнгээний газар ажиллуулж, гадаадаас бараа оруулж ирж гадныханд ашиг оруулах, энд тэнд газар ухахаас өөр хэрэгцээтэй зүйлд хөрөнгө оруулчихгүй л юм даа.

2009/03/23

Монголын Түүхийн Музей

Амралтын өдрөөр Монголын Түүхийн Музейг үзлээ. Бас л хэдэн шүүмж хэлэхээс.
- Гэрэлтүүлэг зарим газраа маш муу. үзмэрийн өмнө очоод зогсчихоор харанхуйлаад олигтой харагдахгүй.
- Тайлбар муу. Зарим үзмэрүүд ямар ч тайлбаргүй байсан. Юу ч гэдгийг нь мэдээгүй. Ямар хөтөч байх биш. Зарим нь учиргүй англи хэлээр байх юм.
- Тайлбар нь дэндүү хол. Томоохон үзмэрүүд наанаа тор эсвэл шилэн хаалттай байсан. Тэдгээрийн тайлбар нь тээр цаана болохоор жижгээр бичсэн нь уншигдахгүй, мөн дээрээс нь гэрэлтүүлэг муу болохоор хэцүү байсан.
- Үзмэрүүдийн уялдаа холбоо дутмаг. Загас, хоёр нутагтны тасаг дотор шувуу явж байсан гэх мэт. Нөгөө үсэг дотор тоо явж байна гэдэг шиг.
- Цэвэр байдал дутмаг. Шилэн хорго доторхоо цэвэрлэдэггүй юм шиг байсан. Модны мөчрүүдийг цагаан хөвөнгөөр ороож, цасыг төсөөлүүлэх гэсэн боловч тэрэн дээр нь бөөн тоос болчихсон их үзэмжгүй харагдаж байна лээ.
- Техник хэрэгсэл ажиллагаагүй. Тахийн өрөөн дотор Dell компьютер байрлуулсан байсан боловч тэр нь унтраастай байсан. Бодвол үзүүлэн л байсан байх.
- Хөрөнгө мөнгө хүрдэггүй бололтой. Хоёр ч газар хандивын хайрцаг байрлуулсан байна лээ. Үзэж байгаа хүн үнэхээр өрөвдөөд, хандив өгвөл өгчихье гэмээр л байсан.
- Санал хүсэлтийн дэвтэр байхгүй. Энд бичсэн зүйлээ бичью гэж санаж байтал чадаагүй.

Тэгэхдээ чадлаараа ажиллуулж байгаа ажилчдад нь баярлалаа гэж хэлье.
Үзэж байгаа хүн ч олон байсан. Та ч бас үзээд тасалбарынхаа хэмжээгээр хөрөнгө оруулаарай. Өөрөө ч монголынхоо мэддэггүй байсан зүйлийг мэдээд гарна гэж итгэнэм.
Мөн монголчууддаа хэлэхэд, монголоороо л ярья л даа. Ленок, ленок гээд л байсан чинь тэр загасыг монголоор Зэвэг гэдэг юм байна лээ. Өөр юу ч билээ, сэлэнгэд явж байхад гадаад нэртэй загасууд л яриад байсан. Тэр бүгд монгол нэртэй л юм байна лээ шүү дээ.

2009/03/22

DjVu файлыг хэрхэн унших вэ?

DjVu файлын өргөтгөл нь PDF-тэй төстэй, шахалт сайн зураг бүхий баримт бичгийн тогтнол юм. Сүүлийн үед энэ тогтнол их хэрэглэгдэх болсон ба өмнөх бичлэг дэх файл маань ийм тогтнолтой билээ.

Та http://djvu.sourceforge.net/ хаягаар орж өөрийн системд тохирох програмуудыг татаж аваарай. Мөн илүү дэлгэрэнгүй мэдээллүүдийг ч харж болно.

Дэлхийн 100 хүн: Чингис хаан

Орос хэл дээр дараах баримтыг олсноо та бүхэнтэй хуваалцаж байна.
Татах: Хэлтэрхий 1, Хэлтэрхий 2

Монгол хэзээ хөгжих бол?

Өчигдөр далдаганаж яваад (уул нь хальт нийгмийн идэвх гаргая гэсэн бодолтой байлаа) хорооны ИТХ-д оролцчихов.
Сүүлээр очсон болохоор дунд сургуулийн заалны үүд хавьцаа зогслоо. Сургуулийн заалыг дүүргэж байна гэхээр идэвхтэй л иргэд байх шиг байсан.
Гэвч урд гарч ярьж байгаа хүмүүс өөрийн амаар яриад, тэр нь хамгийн ард зогсож байгаа мань мэтийн хүмүүст юу ч сонсогдохгүй байлаа. Хэсэг хугацааны дараа нэг цагаан хоолой авч ирэв. арай дээрдсэн боловч, түүнийг хэрэглэхэд бас их учиртай байдаг юм шиг байна лээ. Нэг хүн өөрийгөө ерөөсөө сонсгож чадаагүй.
ИТХ-ын дарга, ИТХ-ын тэргүүлэгч гишүүд гэсэн хүмүүс нэр дэвшээд сонгох үйл явдал болох байлаа. Сонгох, сонгогдох эрх нээлттэй гэсэн байдлаар цугласан дундаасаа шууд сонгоод, нэр дэвшиж байгаа нь өөрсдийгөө танилцуулаад явчихдаг юм байна. Ихэнх хүмүүс өөрсдөө нэр дэвшинэ гэсэн зорилготой зангиа зүүж, хаанахын ч бүү мэд тэмдэг зүүж ирсэн байсан. Үсээ ч олигтой самначихаж чадахгүй нэг ах (гудамж хэрсэн гашуун юм хайсан хүмүүс байдаг даа) нэр дэвшээд... Өөрсдийгөө хэзээ, хаана төрсөн, ямар сургууль төгссөн, юу хийж байснаа яриад, мөрийн хөтөлбөр аятай хэдхээн ингэнэ, тэгнэ гэж яриад, дээрээс нь цөөхөн асуултад хариулаад л тэр хүнийг сонгочихно гэж байна шүү дээ. Надад бол хамар хашааны ах, хуучин байсан хүмүүсээс өөр бусдыг нь таних ч үгүй юм байна лээ. Анхны харцаар л итгэл хүлээлгэх хүнээ сонгох юм гэнэ ээ. За тэгээд хүмүүс яриад дуусаж байхад өсгөгч оруулж ирдэг юм даа. За тэгээд санал хураалт гэх мэтчилэн бүх юм зохион байгуулалтгүй, шал дургүй хүрээд гараад ирсэээн. Ямар нэгэн үр бүтээлтэй байх гэж найдаж гурван цаг байсныг яана. Яах гэж очив оо, гэж өөрийгөө жаал зүхэв. Надаас хойш шөнийн 12 цагт тэр нь дуусаж, бүтэн найман цаг хүмүүс байсан байгаа юм шүү. Күэ мөн идэвх ээ.

2009/03/19

Таны автомашины албан татварын хэмжээ

Техникийн улсын үзлэгээр автомашины албан татварыг дайж авдаг .
Хэрэв та өөрийн машины татварын хэмжээг мэдэхгүй байгаа бол
"МОНГОЛ УЛСЫН АВТОТЭЭВРИЙН БОЛОН ӨӨРӨӨ ЯВАГЧ ХЭРЭГСЛИЙН АЛБАН ТАТВАРЫН ХУУЛЬ"-ийн 5-р зүйлд заасан болно.

Үзлэгт орох гээд очиход чинь үүдээр нь баахан хүмүүс суугаад татварын хэмжээг чинь тооцоолж өгнө, даатгалд хамруулна гээд дайрчихдаг. Тэдгээр хүмүүсийн хэрэг огт байхгүй гэдгийг хэлмээр байна. Татварын хэмжээгээ та өөрөө бодоод, өөрөө банкинд тушаачих. Тушаасан баримтаа татварт өгөөд болчихно. Даатгалын хувьд даатгуулах эсэх нь таны эрх бөгөөд сайн судалж байгаад шийдэх хэрэгтэй.

1498cc хөдөлгүүрийн татварын хэмжээг тооцоолбол 2000-аас бага тул 1сс-г 16₮-өөр бодно.
1498см3 * 16₮ = 23968₮ болно.

2500см3 * 18₮ = 45000₮ гэх мэт.

2009/03/16

Уурхайд ажиллая.

Бага байхдаа digger хэмээх тоглоомоор анх компьютер гэгчтэй танилцаж байлаа гэж.
Тэгэхэд хэсэг нүдэж байгаад, тоглоом маань техникээсээ хоцрогдоод больсон. Ангидаа хамгийн их оноог нь авна. Шуудайтай алтны эгц доороос нь мангасыг араасаа элдүүлж явж байгаад, мангасыг шуудайтай алтаар даруулах техникийг их хэрэглэдэг байлаа. Хальт томров. Дараа нь windig гээд Windows дээр тоглох боломжтой хувилбар нь гарахад баахан нүдсэн сэн.

Одоо ч гэсэн та тоглох боломжтой байгаа юм байна шүү. Вэб сайт http://www.digger.org/index.html руу нь зочлоод үзнэ биз.
Анх 1983 онд гарснаасаа хойш, одоо DOS, Unix, Mac OSX, Windows, Java гээд олон төрлийн системүүд дээр тоглох боломжтой болж, хэд хэдэн удаа дахин код бичигджээ. Мөн гар утсан дээр ч боломжтой болсон байна.
Бас ирээдүйд гурван хэмжээст болгохоор төлөвлөгдсөн ажээ.

Энэхүү тоглоом маань GNU GPL зөвшөөрлийн дор нээлттэй эх болжээ. Хориод жилийн хугацаанд чамгүй их түүхтэй болсон гоё тоглоом доо.

Суумо мандтугай!

Амралтын өдөр зав гарвал, хааяа зурагт хараад хэвтэх ч аятайхан л байдаг юм.
Манай зурагт дөрөвхөн сувагтай. Гурав нь сумог шууд дамжуулдаг. Лаг байгаа биз. Үлдсэн нь ертөнцийн эзэн гээд балайрч гарна. Би нэг юм уйдахгүй үзээд сууж болох юм. Өө, үгүй, сумогоос уйдчихсан юм байна шүү дээ.
Тэгэхээр би, эхнэр, хүүхдүүд маань яах болж байна аа.
Хэдүүлээ хашаандаа гарч утаа амьсгалья гэх үү?
Тэнгис орж кино үзэх үү? Хямралтай байхад чинь больё оо.
Хөх хулганы орон орж хүүхдүүд ээ тоглуулах уу? Тэр чинь нил хөлс үнэртээд тэнэг л юм байна лээ шүү дээ.
Зайсан явья. Бурхан багш харахын төлөө бинзен гарздахгүй ээ.

Санаа авахуулсан бичлэг: http://stormy.blog.gogo.mn/entry/ff808081200c2a1801200e428734007c/

2009/03/12

Тасалдал бүжиг

Үнэхээр шилдэг гэхээс...

2009/03/11

Загвараа өөрчлөв.

Ухнадаж байж вэб тэмдэглэлийнхээ загварыг өөрчиллөө.

2009/03/10

Хэлний хvчирхийлэл /цуврал нийтлэл/

Нэг. Заяамал хэлний заяа

Хэл заяасан учраас хүн төрөлхтөн хорвоогийн хамгийн их ухаантан болж улмаар хүн төрөлхтөн гэдэг агуу их хамтлагт нэгдэж дэлхийг эзэгнэн өдгөө сансарт тэмүүлж байгаа билээ. Хүмүүс хэлтэйн ачаар бие биенээ ойлголцож, эрдэм ухаанаа хөгжүүлж, өв соёлоо бүтээж, өнгөрсөн одоо ирээдүйгээ холбож чадсан ажээ. Өнөөдрийн хүн төрөлхтөн 7000 орчим хэлээр ярьж, бичиж, ойлголцож байна. Тэрнээс ч дутахгүй олон хэл мөхөж бас бие биедээ уусч, нэг хэсэг нь эзнээ алдсан түүхийн урт замыг хүн төрөлхтөн туулжээ. Гэхдээ өвөг эртний хэл цөөхөн байжээ. Түүний үгийн сан нь ч мөн л цөөхөн байсан ажээ. Тэрцөөхөн нь хэлний хөгжлиин дагуу, хүний танин мэдэхийн хүрээ тэлэхийн хамтаар үгнээс үг үүсч төлжсөөр олширсоор буй ажээ. Өвөг хэлний өвөг үгийг зуугийн тоонд багтахаар байсныг судалсан эрдэмтэн Свадеш "зуун үгийн онол" дэвшүүлжээ. Зуун үгтэнгүүд зуун мянган үгтэн болох үйл явц олон оныг дамжин үргэлжилж одоо ч дуусаагүй байна. Зуун үгийн өвөг хэлнүүдийн нэгэн нь монгол хэл байсан, одоо ч байсаар ахуй нь хөх толбот монголчууд бидний үндэсний бахархал юмаа.

Гэвч үндэстэн мөхдөг шиг хэл бас мөхдөг буюу "эзнээ алддаг", үндэстэн өөр үндэстэнд уусдаг шиг хэл бас өөр хэлэнд уусан эрлийзждэг бичигдээгүй хууль бий. Ганц зуун жил өнгөрөхөд одоо хэлцэгдэж буй хэлнүүдийн 90 хувь нь үгүй болно гэдэг урьдач дүгнэлтийг Америкийн эрдэмтэн Бернард Комри гаргажээ. Америкийн нөхцөлд энэ нь үнэнд тун ойрхондүгнэлт юм. Учир нь угаасаа америк хэл гэж байгаагүй. Англи хэлний нэгэн хувилбараар л америкчууд ярьж бичдэг. Өнгөрсөн зууны эхээр (1902-1904) анх хэвлэгдсэн "Американа" гэдэг нэвтэрхий 16 боть тольд 60 мянган өгүүлэл (1918 оны хэвлэлд) орсон ажээ. Харин хойт, өмнөд Америкийн баруун эргийн дагуу аль дивангараас оршин суусан уугуул иргэдийн ихэнх нь өвөг монгол хэлний нэгэн хувилбараар ярьж бичдэг бөгөөд анх тэр тивийг нээсэн гэх европын жуулчид энэтхэг гэж андуураад "инди", "индейчүүд" гэж нэрлэснээр индейчүүдийн хэлнүүдийн олонхи нь одоо американизмд шахагдан хэрэгцээнээс гарчээ. Уул нь хэл мөхнө гэдэг ойлголт эргэлзээтэй л дээ.

Хэрэв бичиг үсэгтэй байсан бол хэл мөхдөггүй зөвхөн хэрэгцээнээс гардаг буюу гээгддэг. Америкийн инга буюу индейчүүд дотор "ингэ", "инга", "ингэд" гэдэг овог байсан учир тэднийг ингэдүүд гэж нэрлэж байвал арай монголжуу болох юмсанж. Бүүр энгийнээр хэлбэл "инга" гэж нэрлүүштэй билээ. Ингэдүүдийг Гватемала, Мексик, Эквадор, Перу, Аргентин зэрэг орноор явж байх үед зүс царайг нь харж, хэл яриаг нь сонсож, зарим зан заншлыг нь үзсэн болохоор аргагүй тэд бидний садан төрөл мөн гэж таньсан билээ. Тэр тухайд замын тэмдэглэлүүддээ тодорхой бичсэн тул нурших юун. (Бүтээлийн чуулган, ҮII ботид буй). Америкийн хүн амын 15 хувь нь "монголжуу" арьстан гэж нэвтэрхий тольд бичигдсэн нь гол төлөв ингэдүүдээс бүрдсэн тул тэд өвөг монгол хэлний 100 үгийг шошоон, тэлэнгэд, аймар, хэцүү гэхчилэн хориод овгийнхон өнөө хүртэл хадгалсаар, хэрэглэсээр буй гэж хэлж бүрэн болно.

Монгол гал голомтыг сахиж байдаг өнөөгийн Монгол ард улсын иргэд бидний мартаж, гээсэн өвөг үгнүүд ч ингэдүүдийн амнаас унаж байхыг сонсож билээ. Ингэдүүд Америкт "бага ястан" гэгдэж зах хязгаар нутагт шахагдан суудаг хавчигдмал хувь заяаныхаа эрхээр хэл яриа нь хаягдаж, гээгдэх аюул нүүрлэсэн гэж болно. Харин тийм аюул огтхон ч тулгараагүй Монгол ард улсад монгол хэл мөхөх байтугай хамгийн хүчтэй хегжиж байх учиртай билээ. Гэтэл өнөөгийн манай нөхцөл байдалд монгол хэл хүчирхийлэлд автагдаж, эрлийзжиж, зэрэмдэглэгдэж байгаа нь нэг л мэдеэн, магадгүй 50 жилийн дараа "төрөл арилжих", "гээгдэн орхигдох" тавилантай тулгарч мэдэх юм. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлага, ивээлээр хэсэг эрдэмтний боловсруулж, Улсын Их хурлаар батлагдсан (2008 онд) "Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтод суурилсан үндэсний хөгжлийн цогц бодлого" гэдэг баримт бичигт "2015 онд багтаан англи хэлийг бүх нийтийн голлох гадаад хэл болгох", "2021 он гэхэдтөрийн захиргааны төв байгууллагын ажилтнууд албан ажлаа англи хэлээр явуулах чадамжтай болгох" гэж тус тус заажээ.

Үүнээс үзвэл зургаан жилийн дараа англи хэл манайд "бүх нийтийн голлох гадаад хэл" болох юм байна. Бүх нийтийн гэдэгт хамрагдахгүй хүн байх ёсгүй биз. Бас 11 жилийн дараа манай төрийн захиргааны төв байгууллагын ажилтнууд нь албан ажлаа англи хэлээр явуулах юм байна. Тэгэхээр өнөөх монгол хэл маань чухам юунд, хэнд хэрэглэгдэх нь тодорхойгүй болж хоцрох бизээ. 1921 оноос 1991 оныг хүртэл далан жилийн турш орос хэлийг монголчуудын "голлох гадаад хэл" болгохоор умард херш маань "их зүтгэл" гаргасан боловч бичиг үсгийг нь л кирилжин буюу орос цагаан толгойгоор сольсноос цааш нэг их хэтэрч чадаагүй, БНМАУ-ын төрийн албан хаагчид монгол хэлээрээ албан ажлаа явуулж, үр хүүхдэдээ монгол хэлээрээ ерөнхий болон дээд боловсрол олгосоор ирсэн билээ. Бичиг үсэг солигдсон ч эх хэлээ сольдоггүй монголчууд урьдын түүхэндээ цөөнгүй бичиг үсэг зохиох, зээлдэх аргаар хэрэглэж явсан ч "чихнү чимэг болсон аялгуу сайхан монгол хэлнээсээ" урваагүй юм.

Тэгэхээр тав, арван жилийн дотор бүх нийтээр англи хэлтэй болж, төрийн албаа англиар явуулах тэр зөгнөл хэр зэрэг бодит үндэстэй бол? Нийслэл Улаанбаатарын гудамжны хаяг, самбарууд шигхэлний "хүчирхийлэл" гааруулбал чухам хэр зэрэг ахиц гарах бол? Олон улсын хэл болгох гэж тэмүүлсэн үндэстэн өөрийнхөө хэл ч үгүй, хүний хэл ч үгүй болж байсан түүх хүн төрөлхтөнд бий. Эрт цагт гэрээг хэл, латин хэл дундад зуунд, франц хэл XҮIII зуунд, англи хэл XX зуунд олон улсын хэл болохоор ихэд түгэж байсан ч гэсэн түрүүчээсээ орхигдон мартагдсаар (латин хэл шиг) байгаа нь бас нэгийг хэлж буй үзэгдэл гэлтэй. Францчуудын өвөг дээдсийн хэл байсан галь хэл, этрүс хэл "эзнээ алдсан" шиг бретон, баск болон бургунди нутгийн аялгуу, норманди аялга үгүй болж тэр бүхнээс эрлийзжсэн франц хэл (француудын өөрийнх нь төрөлх хэл биш) арван наймдугаар зуунд Европт давамгайлан өрнөж Оросын сэхээтнүүдийн хоёр дахь хэл нь болж байгаад хорьдугаар зууны сүүлчээсханш нь буурч эхэлсэн.

Гэтэл Африк тивд одоо 1700 хэл, аялгуугаар ярьдаг хүмүүс аж төрж буйн дотор бикья хэлээр ганц авгай ярьж үлдсэн нь 87 настай ажээ. Амазонка мөрний ширэнгэд аж төрдөг хүмүүс 120 хэлээр ярьдаг бөгөөд тэдгээрийг өнөө хэр судалсан хүнгүй байх жишээтэй. Хэл гэдэг хачин хувь тавилантай үзэгдэл гэдэг нь ийнхүү захаас аван баримтаар нотлогдож байдаг. Харин ямарваа хүн юуны урьд заяамал төрөлх хэлтэй (эхээс төрж хэлд орохдоо сурсан) бас сурмал буюу олдмол хэлтэй байж болдог. Гэхдээ заяамал хэл анхдагч бөгөөд түүгээрээ дамжуулан олдмол хэлтэй болдог. Олдмол хэл хэчнээнийг ч "олж" сурч болно. Заяамал хэл үө залгамжлах, удамшлын бичлэгтэйн хувьд хүнээс яавч гээгддэггүй. Саяхан нэгэн залуу эр харийн орны олон хэл сураад эх орондоо эргэж иржээ. Өрнөдийн орны бараг л бүгдийнх нь хэлийг сураад ирсэн. Тэгээд ус цас шиг ярьдаг бичдэг байж. Тэгтэл гай тохиолдож осолд ороод эмнэлэгт хэвтэж эдгэрээд ажилдаа орсон чинь олдмол бүх хэлээ мартаад ганц монгол хэлтэйгээ үлдсэн байжээ.

Ус цас шиг ярьдаг гадаад хэлнүүдээсээ нэг ч үг санахгүй болсон байж гэнэ. Заяамал хэл нь харин хэвэндээ үлджээ. Тэгэхээр заяамал хэлээ "хуучинсаг" хэмээн ад үзэж олдмол хэлээр гайхуулдаг зарим залуус, бас улстөрчид "хэлний түрэмгийлэл" хийхэд тэргүүн эгнээнд жагсдагт эргэлзээгүй. "Хэлний түрэмгийлэл" манай нөхцөлд дороосоо биш дээрээсээ эхэлдэг болсоор зуугаад жил өнгөрч байна. Хорин нэгдүгээр зуунд энэхүү "language үiolence" төр, засгийн тогтоол, шийдвэр, хуулиар дамжин хийгдэж эхлээд байна. Сүүлийн хорь шахам жилд эрх баригчид, эрх барих байгуул-лагуудын гаргасан албан шийдвэр, тогтоол тэр ч байтугай зарлигуудад монгол хэлэнд нь дүймэн (дүйз) байсаар атал харь хэлний үг оруулан хүмүүст хүчээр "цээжлүүлэх" хандлага улам гаарсаар байна. "Лиценз", "лизинг", "моргейж", "аудит", "менежер", "бонд", "брокер" гэхчилэн харь хэлний нэр томъёо чихээстэй баримт бичгүүд дээрээсээ доош хөвөрсөөр байгаа нь монгол хэлийг баяжуулахад биш бантагнуулахад нэмэр болсоор удлаа.

"Аудитын хууль" гэхчилэн гадаад нэртэй хууль, түүний дагуу буй болсон байгууллага ажиллаж тэр нь хүмүүсийн ой тойнд буухгүй хөндий үг хэвээрээ цаг хугацааг элээсээр байна. "Хэлний түрэмгийлэл" манайдаа шинэ юм биш. Өнгөрсөн зууны хориод оноос эхлээд орос үгээр түрий барих түрэмгийлэл өрнөсөн. Түүнээс өмнөх 300 жилд манж, нанхиад, түвд үгийн түрэмгийлэл байнга үргэлжилж байсан. Манжийн эрхшээлд байсан юм болохоор түшмэдүүд манж, нанхиад үгсийг төрийн ажлын хүрээнд нэвтрүүлэх гол зүтгэлтнүүд нь болж өгсөн. Харин түвд үгийг лам хуврагууд голчлон түгээж байлаа. Хорьдугаар зууны эхнээс Орост болсон хувьсгалын нөлөөгөөр орос нэр томъёо монгол хэлэнд нэвчиж эхэлсэн Октябрь гэдэг үг бараг хамгийн түрүүнд орж ирсэн хэрэг. Түүний хойноос феодал, винтов, наган, танк, тэгээд социализм, коммунизм, арми, совет, союздараа нь пионер, лекц, телефон, машина, больниц, танец, артель, комун, физик гэхчилэн цөөн бус үг шууд нэвтрэн орж ирэхэд нь тийм зүйл урьд нь байгаагүй, бас хэрхэн монголчлохоо бодож цэгнэх завдалгүй мэдлэггүй гэхчилэн олон шалтгаанаар харь үгнүүд хаалтгүй орж ирээд нэлээд нь енеег хүртэл ам дамжсаар байна.

Тэр ч байтугай монгол хүнийөгүүлэх эрхтэн, авиа гаргах онцлогт нь байхгүй ф, щ, п, р, к зэрэг үегээр (авиа) эхэлсэн үгнүүд (феодал, физик, фабрик, контор, кабин, радио, роль, редактор) олноороо монгол "ам руу орж, гарахаас" аргагүй болсон. Тэдгээрийг бичих гэхнээ нь бас яг тийм үсэг ly босоо бичигт маань байсангүй. Харин ард түмэн еөрийнхөөрөө шийдэж сигнал гэдгийг нь чагнаал, конденсатр гэдгийг нь ганжинсаатар, помпа гэдгийг бомбоо, домократ гэдгийг нь данхраат хэмээн монголчилж бас тэгэхдээ цаад утгыг нь нэг их гажаахгүйгээр шийдэл олсон үг цөөнгүй болсон байна. Аливаа хэл өөрөө баяжиж, өрөөл бусдаас өргөж авч хөгжиж, үгийн сангаа өргөтгөдөг нь жам. Гэхдээ шахамдуулах, хүч түрэх хэлбэрээр хэлээ баяжуулах нь ядарсан арга, явуургүй оролдлого болох нь түүхээр нотлогдсон баримт юм. Бас харийн хэлний үг болгоныг "орчуулах" нутагшуулах нь ч өрөөсгөл талтай хандлага болно.

Ард түмний саналаар биш албан тушаалын эрхшээлээр бусдын шахалт, "зөвлөмжөөр" төр засгийн эрх баригчид гэв гэнэт монгол бичгээ кирилжингээр солихоор дээрээс шийдэж "бүх нийтэд" (цогцолбор бодлогын нэр томъёогоор) хэрэглүүлэх болсон цагаас хойш орчин үеийн монгол хэл огг хөгжөөгүй биш бараг л эрс шийдэмгий хөгжсөн гэж хэлж болно. Үүнийг нотлоход урт яриа үүсэх нь мэдээж. Тиймээс зөвхөн цагаан толгойн 35 үегийн тухайд товчхон тоймлоод хэлэхэд тэдгээрээс лав л тав зургаан үсэг нь монгол хэлэнд хэрэг болсонгүй явсаар нэгэн зууныг үдэв. Жишээ нь, "ташаа тулсан" гэж манайхны шоглон ярьдаг "ф" үегээр монголчууд өнгөрсөн жилүүдэд нэг ч үг "зохиосонгүй", "Монгол-орос толь"-д (А.Лувсандэндэв, 1957 он) энэ үегээр ердөө л 38 үг орсон нь цөмөөрөө гадаадынх юм. Бас эшча гэж манайхны дууддаг "щ" үсэг уг тольд байгааг үзвэл мөн л нэг ч монгол үг алга.

Тэрчлэн "к" үсэг дээр 102 үг байгаа ч гэсэн бас л нэг ч монгол үг байдаггүй. Нөгөө "Р" үсэг дээр 36 үг орсон ч гэсэн руу, рүү гэсэн дагавраас өөр монгол гэмээр юм байдаггүй. Тэрчлэн "П" үсэг дээр болохоор их л олон үг буюу 114 үг байгаа ч цөмөөрөө орос, хятад, түвд хэлнээс авсан харь гаралтай үгнүүд байхын дээр "пад, пил" гэсэн дуу чимээний нэрнээс өөр монгол юм байдаггүй. Бас нөгөөх "хагас и" гэж тайлбар төдий нэртэй үсгээр таван гадаад үг эхлүүлсэн нь цөмөөрөө л йод (ёод) гэдэг үгнээс үүссэн үгнүүд байх ажээ. Монгол хэлэнд хэрэглэгддэггүй, монгол хүний дуун үйлдэх эрхтэнд зохидоггүй ийм үсэгнүүд монгол хэлний "цагаан толгойд" орчихсон олон жил "цогиулж" явахдаа тэдгээрээр эхэлсэн гадаад үгнүүдийг монгол хэлний үгийн санд хүчээр түрэмгийлэн оруулах "үүрэг гүйцэтгэсээр" байгаа нь заяамал хэлэнд маань олдмол хачир нааж, улмаар "эрлийзжүүлэх" балаг тарьсаар ажээ.

Доктор Л.Түдэв
Дугаар 042

Хуульж тавьсан эх сурвалж: www.olloo.mn

2009/03/08

Би үсэглэж уншиж сурч байгаа хүүхэд

Сүүлийн үед хэн хүнгүй л криллээр бичдэг болжээ. Сайхан л байна.
Гэвч хааяа латинаар галиглаж бичсэнтэй тааралдана. Тэр үед би чинь галиг үсгээ мартчихаад үсэглэж уншихын дайтай болдог болжээ. Уг нь нэг мөсөн мартчихвал амар л байх сан даа.

HOVON ODOJ гэвэл Хөвөн одож,
Dulmandakh гэвэл Дөлмандах гэж байгаа юм байна лээ шүү!

2009/03/06

Хятдын олон улсын радио

Юм хайж яваад ийм сайт оллоо.
http://mongol.cri.cn/ - Хятдын олон улсын радиогийн Монгол хэл дээрх вэб хуудас.
Сонирхоод үзчихгүй юу.
Цааш яваад http://mongol.cri.cn/chinaabc/ хуудас руу ороод үзээрэй. Хятдын тухай зарим мэдээллийг Монгол хэл дээрээ харж болох юм.
Хятдад дургүй л бол тэднийг судалж бай гэдэг дээ.