2009/01/25

MNS 5552 : 2005 үндэсний стандарт

Дэлхийн олон улс үндэстний бичиг үсгийг компьютерийн орчинд тэмдэглэх үсэг ба тэмдэгтийн кодчиллын нэгдсэн кодын системийг ЮНИКОД (UNIСODE) консерциум хэмээх олон улсын байгууллага, Олон улсын стандартын байгууллага болон Олон улсын цахилгаан техникийн комиссаас зөвшилцөн боловсруулсан ISO/IEC 10646 (Universal Character Set) стандартыг үндэслэн, 1991 оноос хөгжүүлж ирсэн.
Манайд мөрдөж байсан “Монгол хэлний компьютерийн орчны тогтолцоо” ангилалд хамаарах үндэсний стандартууд нь 1 байтын ASCII стандартад үндэслэсэн ба энэ нь Win 1251 /Western Europian/ кодын хуудсанд хамаардаг тул Юникодын 2 бит тэмдэгт рүү 00ХХ кодоор хөрвүүлдэг бөгөөд кирилл тэмдэгтүүд нь 04ХХ кодтой тул Монгол кирилл үсгийн оронд үл таних тэмдэгтүүд тавигдах тохиолдол байдаг. Иймд кирилл үсгийн кодын асуудал сүүлийн арав орчим жилийн хугацаанд зөвхөн программ хангамжийн төдийгүй манай орны үндэсний хэл бичгийг компьютерээр боловсруулахад шийдвэрлэвэл зохих томоохон асуудал болж байлаа. Энэ асуудлыг шийдвэрлэх зорилгоор Мэдээлэл, Харилцаа Холбоо Технологийн Газраас санаачлан, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн нэгдсэн кодыг үндэсний стандартаар батлуулж, мөрдөх санал гаргасан юм.

Иймд Монгол улсын Засгийн газраас Мэдээлэл, холбооны технологийн талаар дэвшүүлсэн хөтөлбөр, зорилтод стандартчиллын үйл ажиллагаагаар дэмжлэг үзүүлэх, тус салбарын үндэсний стандартыг олон улсын жишигт нийцүүлэх зорилгоор Стандартчилал, Хэмжилзүйн Үндэсний Зөвлөлөөс “Монгол хэлний компьютерийн орчны тогтолцоо. Кирилл ба монгол үсгийн нэгдсэн код” MNS 5552 : 2005 үндэсний стандартыг батлаад байна.
Уг стандарт нь Монгол улсын хэмжээнд захиргаа, худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний баримт бичгийг үйлдэх, мэдээллийн сан байгуулахад заавал дагаж мөрдөх кирилл, монгол үсгийн нэгдсэн кодыг тогтоосон бөгөөд түүний хавсралт нь үндсэн латин үсгийн нэгдсэн кодыг агуулж байна.


Батлагдсан MNS 5552 : 2005 үндэсний стандарт нь
1) ISO/IEC 10646-1:1993(E), Universal Multiple-Octet Coded Character Set (UCS);
2) Нэгдсэн кодын стандартын 3.0 хувилбар, Юникод консорциум, 2000; зэрэг норматив техникийн баримт бичгүүдэд бүрэн нийцэж байгаа болно.


Энэ стандартыг мөрдсөнөөр бидэнд өнөөдөр түгээмэл тохиолддог кирилл бичгийн олон янзын кодыг хэрэглэж байгаагаас үүсдэг зөрчилтэй байдлыг шийдвэрлэх юм.

MNS 5552 : 2005 стандартыг төв, орон нутгийн төрийн захиргааны бүх шатны байгууллагуудад нэвтрүүлэх нь мэдээллийн нэгдмэл байдлыг хангахад чухал ач холбогдолтой юм.

МЭДЭЭЛЭЛ, ХАРИЛЦАА ХОЛБОО, ТЕХНОЛОГИЙН ГАЗАР

МОНГОЛ КИРИЛЛ ҮСГИЙН НЭГДМЭЛ БАЙДЛЫГ БИЙ БОЛГОХ НЬ

Өнөөдрийг хүртэл компьютерийн орчинд бид олон төрлийн code page ашиглан хийсэн янз бүрийн гарын драйверийг ашиглан бичдэг байлаа. Энэ нь сүүлдээ мэдээллийн нэгдмэл орчин бүрдүүлэх, өөр хоорондоо ямарч хөрвүүлэлтгүйгээр мэдээлэл солилцоход бэрхшээл учруулж байна. Энэ нь харилцан солилцсон документ маань хэнд ч ойлгомжгүй тэмдэгтүүд, дөрвөлжин дүрс гардгийг хэлээд байгаа юм. Одоо энэ асуудалд цэг тавих цаг нь аль хэдийн болжээ.


Анх 2000 онд нөгөө 2 шоовдор “ө”, “ү” үсэг маань ЮНИКОД (UNIСODE) консерциум хэмээх олон улсын байгууллагаас гаргасан үсэг ба тэмдэгтийн кодчиллын нэгдсэн кодын системд орсноор дэлхийд данстай болсон юм. Үүнээс хойш Windows XP дээр ямар нэг асуудалгүйгээр шинэ, албан ёсны олон улсын стандартын дагуу бичих бүрэн боломж нээгдсэн. Гэвч цөөхөн тооны хэрэглэгчид л уг стандартыг хэрэглэж байна. Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Улс орны хэмжээнд нэгдмэл кодчлолыг бий болгосноор мэдээллийн нэгдсэн системийг бүрдүүлнэ” гэсэн зорилтын хүрээнд МХХТГ санаачлан уг олон улсын стандартаас латин, кирилл болон уйгаржин монгол үсгийг түүвэрлэн авч үндэсний стандарт болгон батлуулаад байна. Иймд компьютерийн орчинд документ үүсгэн ашигладаг хэн бүхэн юникодыг хэрэглэх нь зүйтэй юм. Энэ нь бидний үсгийн фонд arial, times new roman, courier, courier new зэрэг фонд идэвхтэй байх үед монгол үсгүүд хэвийн дүрслэгдэхийг хэлж буй.
Манай төрийн захиргааны байгууллагууд ихэнхдээ Windows XP бүхий хэрэглэгчид байгаа тул юникодыг хэрэглэхэд ямарч хүндрэлгүй. Гагцхүү урьд arial mon, times new roman mon, courier new mon зэрэг фонд дээр бичсэн документийг хөрвүүлж ашиглах л шаардлага тулгарч байгаа бөгөөд энд монгол текстийн кодчлолыг хөрвүүлэгч “Mongolian Encoding Converter MONUNI” гэсэн нэр бүхий макро байхад л хангалттай. Энэ нь Microsoft Office-ийн нэмэлт комманд хэлбэрээр ажилладаг. Энэхүү хөрвүүлэгч нь 8 битийн MNS 4329, MNS 4330 стандартын кодчлолтой текстийг 16 битийн юникод кодчилол руу хөрвүүлнэ. Уг хөрвүүлэгчийг ашиглан бүх төрлийн текст, MS Office-ийн файлууд, html, rtf, мэдээллийн сангийн гэх мэт файлуудыг юникод руу шилжүүлэх бүрэн боломжтой.

Н. Баасандорж

3 comments:

Unknown said...

11 жилийн дараа уншлаа. Баярлалаа.

usku said...

12 жилийн дараа уншлаа, бүр их баярлалаа

Unknown said...

13 жилийн дараа уншлаа баярллаа